Амьдралын асуудлууд

Гай зовлон тохиолдох үед Бурхан хаана байдаг вэ?

 

Хэзээ нэгэн цагт "Бурхан та хаана байна вэ?" гэж асууж байсан уу? Та яг юуны төлөө Бурханд итгэж найдах ёстой вэ?

Бурхан бидэнд тусална гэдэгт бид хэр их итгэж болох вэ? Тэр үнэхээр бүх цаг үед, тайван үедээ ч, хямарч шаналсан үедээ ч хандаж болох Нэгэн мөн үү?

Бурхан гэж хэн бэ?

Бурхан бол, бидэнд Өөрийгөө таниулахыг ихэд хүсэмжилдэг энэ ертөнцийн Бүтээгч юм. Тийм ч учраас бид бүгд энд байна. Тэр биднийг Түүний хүч чадал, хайр, шударга чанар, ариун байдал ба энэрэнгүй сэтгэлд найдан түшиглэж, тэдгээрийг амсаж үзээсэй гэж хүсдэг. Тиймээс Тэр, хүссэн бүхнийг "Над уруу ир" хэмээн хэлдэг.

Биднээс ялгаатай нь Бурхан маргааш, ирэх долоо хоногт, ирэх жил, ирэх арван жилд юу болохыг мэддэг. "Өнө эртний, урьдын зүйлсийг санагтун. Учир нь Би бол Бурхан, өөр байхгүй. Би бол Бурхан. Надтай адил өөр байхгүй."1 гэж Тэр хэлсэн. Энэ дэлхий дээр юу болохыг Тэр мэднэ. Юунаас ч илүү чухал нь Тэр таны амьдралд юу болохыг мэддэг бөгөөд хэрэв та Түүнийг амьдралдаа оруулахаар зөвшөөрсөн бол танд тохиолдох зүйлсийн дунд Тэр тантай хамт байдаг.  Тэр бидний "Бурхан бол бидний хоргодох газар болон хүч чадал,

Зовлон дундах бодит тусламж юм."2 байна гэж бидэнд хэлсэн. Гэвч бид Түүнийг олохын тулд чин сэтгэлээсээ эрэлхийлэх ёстой. Бурхан, "Та нар Намайг хайх бөгөөд бүхий л зүрхээрээ Намайг хайвал олно."3  гэж хэлсэн.

Хэцүү цаг үед Бурхан хаана байдаг вэ?

Энэ нь Бурханыг мэддэг хүмүүс бэрхшээлээс зугтаж чадна гэсэн үг биш юм. Тэд зугтах боломжгүй. Террористуудын дайралтаас болж зовлон, үхэл тохиолдох үед Бурханыг мэддэг хүмүүс ч ялгаагүй тэр зовлонг амсах болно. Гэхдээ тэдэнд Бурханы оршихуйгаас ирдэг амар тайван хийгээд хүч чадал байх болно. Есүс Христийн нэгэн дагалдагч ингэж хэлсэн байдаг: "Бид бүх талаараа зовдог боловч няцардаггүй. Сандардаг боловч цөхөрдөггүй. Хавчигддаг боловч хаягддаггүй, цохигддог боловч мөхдөггүй."4 Бодит амьдрал биднийг асуудалтай нүүр тулах болно гэдгийг баталдаг. Хэдий тийм боловч тэдгээр асуудлуудыг бид Бурхантай хамт туулах учраас тэдгээрийг өөр өнцгөөс харж, өөрсдөөс минь гараагүй тэнгэрлэг хүчээр даван туулж чадна. Ямар ч асуудал Бурханы хувьд дааж давшгүй их биш юм. Тэр бидэнд тулгарч болох бүх асуудлуудаас илүү том бөгөөд тэдгээр асуудлуудыг шийдвэрлэх үед маань Тэр биднийг ганцаар нь орхиогүй.  

Бурханы үгэнд хэлэхдээ, "ЭЗЭН бол сайн. Гай зовлонгийн өдөр бат бэхлэлт болдог. Өөрт нь хоргоддог хүмүүсийг Тэр мэддэг."5 гэжээ. Мөн "ЭЗЭН Өөрийг нь дуудагч бүхэнд, Өөрийг нь үнэнээр дуудагч бүхэнд ойр байдаг. Тэрээр Өөрөөс нь эмээгчдийн хүслийг биелүүлнэ. Тэр бас тэдний хашхирахыг сонсон, тэднийг аварна."6 гэсэн байдаг.

Есүс Христ дагалдагч нараа ийнхүү тайтгаруулжээ: "Хоёр бор шувууг задгай зоосоор худалддаг биш үү? Эцэгийн тань зөвшөөрөлгүйгээр тэдний нэг нь ч газарт унахгүй. Та нарын толгой дээрх ширхэг үсийг чинь хүртэл бүгдийг нь тоолсон байна. Иймээс бүү ай! Та нар олон бор шувуунаас ч илүү үнэтэй."7 Та хэрэв Бурханд чин сэтгэлээсээ хандвал Тэр таныг өөр хэний ч чадахгүй арга замаар, өөр хэнээс ч илүү санаа тавин халамжлах болно.

Бурхан ба бидний сонгох эрх чөлөө

Бурхан хүн төрөлхтнийг сонголт хийх чадвартайгаар бүтээжээ. Энэ нь, Тэр биднийг Өөртэйгөө харилцаатай байлгахын тулд хүч хэрэглэхгүй гэсэн үг. Тэр бидэнд Өөрөөс нь татгалзан, муу зүйл хийхийг ч хүртэл зөвшөөрдөг. Тэр бид нараар хүчээр хайрлуулж, хүчээр сайн үйл хийлгэж чадах байсан. Гэвч тэгвэл бидний Түүнтэй харилцах харилцааг ямар харилцаа гэх вэ? Энэ нь огт харилцаа биш харин хүчээр тулгасан, бүрэн захиргаадалтанд автсан үйлдэл болох байсан. Харин Бурхан үүний оронд бидэнд чөлөөтэй сонгох эрх хэмээх хүмүүний онцгой эрхийг заяасан.

Уг мөн чанарын хувьд бидний сүнс гүнээсээ ..."Гэхдээ Бурхан минь, Та яаж ийм хүнд хэцүүг зөвшөөрч чадав аа? хэмээн хашхиран уйлж байдаг билээ.

Бид Бурханыг яаж үйлдээсэй гэж хүсэх байсан бол? Түүнийг хүмүүсийн үйлдлийг бүрэн хянаж, захирдаг байгаасай гэж хүсэх байсан уу? Террорист халдлагын тухайд Бурханы хувьд хүлээн зөвшөөрч болох үхлийн тоо хэд байж болох вэ?! Бурхан хэрэв зуун хүн л алагдахыг зөвшөөрсөн бол бидний сэтгэл дээр байх байсан уу?  Эсвэл, Бурхан зөвхөн нэг хүний амь хохирохыг зөвшөөрсөн бол дээр байхсан, гэх байсан уу? Гэвч Бурхан нэг хүнийг ч гэсэн алуулахаас сэргийлнэ гэвэл тэнд цаашид чөлөөт сонголт байхгүй болно гэсэн үг. Хүмүүс Бурханыг үл тоомсорлох сонголт хийж өөрсдийн замаар явсан бөгөөд нэг нь нөгөөгийнхөө эсрэг аймшигтай зүйлсийг үйлдэх болсон.

Энэ гараг дээр бид аюулгүй байх боломжгүй. Хэн нэгэн биднийг буудчихаж магадгүй. Эсвэл машинд дайруулж, террористуудын дайрсан байшингаас үсрэх шаардлага ч гарч болзошгүй. Бурханы хүслийг үргэлж дагаад байдаггүй, дэлхий хэмээн нэрлэгддэг энэ цөвүүн газарт бидэнд тохиолдож болох аюул ослыг бид тоолж баршгүй. Гэхдээ Бурхан хүмүүсийн өршөөлийг хүртдэг биш харин ч эсрэгээрээ байдаг. Бид Түүний өршөөлийг хүртдэг нь юутай завшаантай хэрэг вэ. Бурхан бол энэ ертөнцийг, тоолж баршгүй оддынх нь хамт зүгээр л үгээ хэлэх төдийд бүтээсэн билээ: "Тэгээд Бурхан -Өдрийг шөнөөс салгахын тулд огторгуйд гэрэлтүүлэгчид бий болог."8 Энэ Бурхан бол "үндэстнүүдийн захирагч"9 хэмээн Өөрийгөө танилцуулсан Нэгэн юм. Түүний хүч чадал, цэцэн ухаанд хязгаар үгүй. Асуудал дааж давшгүй том мэт санагдсан ч бүхнийг чадагч агуу Бурхан бидэнд байгаа бөгөөд Тэрээр “Үзэгтүн, Би бол ЭЗЭН, бүх махан биеийн Бурхан. Надад ямар нэгэн зүйл дэндүү хэцүү юу?”10 хэмээн бидэнд сануулдаг. Тэр гэмт хүн төрөлхтөнийг эрх чөлөөтэй хэвээр нь үлдээсэн атлаа, бидний ойлгож чадахгүй арга замаар Өөрийн хүслээ биелүүлсээр байдаг. Бурхан маш тодорхой ингэж хэлсэн: "Үүнийгээ Би заавал гүйцэтгэнэ. Төлөвлөсөн зүйлсээ Би заавал хийнэ."11 Бид хэрвээ амьдралаа Түүгээр захируулсан л бол Түүний хэлсэн энэ үгэнд тайвширч болно. “Бурхан бардам хүнийг эсэргүүцдэг, харин даруу хүнд нигүүлсэл өгдөг.”12

Бид Бурханаас татгалзах үед Бурхан хаана байдаг вэ?

Олонх маань, үгүй ээ, бид бүгдээрээ Бурханыг болон Түүний замуудыг эсэргүүцэж зөрүүд сонголт хийдэг. Бусадтай, террористуудтай харьцуулснаар бид өөрсдийгөө харьцангүй хүндлэл хүлээхүйц, хайрлагдах зохистой хүмүүс гэж үзэж болох юм. Гэвч бид зүрх сэтгэлээ чин үнэнээр, нүцгэнээр нь Бурханы өмнө авчран Түүнтэй нүүр тулах аваас өөрсдийн гэм нүглийг олж харах байх. Бид залбирахаар Бурхан уруу хандах үедээ гэнэт Бурхан бидний бодлууд, үйлдлүүд, өөрийгөө бодсон хүслүүдийг минь ч гэсэн маш сайн мэдэж байгаа гэдгийг санан зогтусах үе гардаггүй гэж үү? Бид амьдрал, үйлдлээрээ өөрсдийгөө Бурханаас холдуулдаг. Бид ихэнхдээ Түүнгүйгээр амьдралаа сайн сайхан байлгаж чадах юм шиг ханддаг. Библид үүнийг, "Бид бүгдээрээ хонь мэт төөрч, хүн бүр өөрийн замаар явав. Харин ЭЗЭН бидний гэмийг бүгдийг нь Түүнд тохов"13 хэмээн хэлсэн байна.

Үүний үр дагавар нь юу вэ? Бидний гэм нүгэл биднийг Бурханаас холдуулсан бөгөөд энэ нь зөвхөн энэ амьдрал төдийгүй үүнээс цааших амьдралд маань ч нөлөөлдөг.  Бидний гэм нүглийн шийтгэл нь үхэл буюу үүрд мөнх Бурханаас тусгаарлагдах юм. Гэсэн хэдий ч Бурхан бидэнд уучлагдаж, Түүнийг таньж мэдэх замыг өгчээ.

Бурхан бидэнд өөрийн хайраа санал болгодог

Бурхан биднийг аврахаар энэ дэлхий уруу ирсэн. "Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм. 17Бурхан Өөрийн Хүүгээ ертөнцийг яллахын тулд биш, харин Түүгээр дамжуулан ертөнцийг аврахын тулд ертөнц уруу илгээсэн билээ."14

Энэ дэлхий дээр байх үедээ амсаж буй зовлон шаналлыг маань Бурхан мэддэг. Есүс өөрийн аюулгүй, амгалан тайван гэрээ орхин бидний амьдарч буй энэ хэцүү газарт ирсэн. Есүс ядарч, өлсөж, цангаж, бусдад гүтгэгдэж, гэр бүл найз нөхөд нь түүнээс урваж байсан. Гэхдээ Есүс өдөр тутам тулгардаг зовлон бэрхшээлээс ч хавьгүй илүү хүнд зовлонг эдэлсэн. Бурханы хүү Есүс хүний биеэр ирж, бидний бүх гэм нүглийг сайн дураараа Өөртөө үүрээд бидний хүлээх ёстой байсан үхлийн шийтгэлийг Өөртөө авсан. "Бидний төлөө Тэр Өөрийн амиа өгсөн тул, үүгээр бид хайрыг мэднэ."15 Тэр тамлагдан зовж, загалмай дээр удаан тарчилж, ичгүүртэйгээр амьсгал хураасан учраас бид уучлал хүртэх боломжтой болсон.  Есүс бүр урьдаас, хүмүүст загалмайд цовдлогдон үхэх гэж буйгаа хэлж байв. Нас бараад гурав хоногийн дараа Тэр дахин амьдарч Бурхан гэдгээ батлан харуулна гэдгээ ч хэлж байсан. Тэр хэзээ нэгэн өдөр дахиад хүний биеэр ирнэ гэж хэлээгүй. (Хэрвээ тэр үнэхээр ирсэн байлаа ч хэн үүнийг мэдэж чадах билээ?) Оршуулагдаад гурав хоногийн дараа Тэр Өөрийг нь загалмайд хадагдахыг харсан хүмүүст амьдаараа бөгөөд бодитоор харагдах болно гэж хэлсэн. Тэрхүү гурав дах өдөр нь Есүсийн булш хоосон байсан бөгөөд олон хүмүүс Түүнийг амьд байгааг нь харсан хэмээн гэрчилсэн юм.

Бурхан биднийг Диваажинд хамт байгаач хэмээн урьдаг

Тэр бидэнд мөнх амийг санал болгодог. Бид үүнийг өөрсдийн зүтгэлээр олж авах боломжгүй. Энэ бол Бурханы бидэнд санал болгож буй бэлэг бөгөөд Түүнийг амьдралдаа орж ирээч хэмээн гуйх үедээ бид энэ бэлгийг хүлээн авдаг.  "Бурханы бэлэг бол бидний Эзэн Христ Есүс доторх мөнх амь мөн."16 Бид хэрэв гэмээ гэмшин Бурхан уруу эргэх аваас Есүс Христээр дамжуулан мөнх амийн бэлгийг хүлээж авах боломжтой. Энэ нь маш энгийн. "Бурхан бидэнд мөнх амийг өгсөн бөгөөд энэхүү амь нь Түүний Хүүгийн дотор байна. Хүүтэй хүнд амь бий. Бурханы Хүү байхгүй хүнд амь байхгүй."17 Тэр бидний амьдралд орж ирэхийг хүсдэг.

Диваажин гэж юу вэ? Библид хэлэхдээ Бурхан "хүний зүрхэнд үүрд мөнхийг суулгасан."18 гэжээ. Магадгүй энэ нь үүнээс илүү дээр дэлхий ямар байж болохыг бид зүрхэндээ мэдэрдэг гэсэн үг байх. Хайртай хүмүүсийн маань үхэл биднийг өөрийн эрхгүй энэ дэлхий дээр, энэ амьдралд ямар нэг зүйл буруу байна гэж бодоход хүргэдэг. Сүнснийхээ гүний гүнд бид, зүрх зүсэм гашуун зовлон, бэрхшээлгүйгээр амьдарч болох илүү дээр газар хаа нэгтээ заавал байх ёстой гэж мэддэг. Үнэнийг хэлэхэд Бурханд илүү дээр газар байдаг бөгөөд түүнийгээ бидэнд санал болгодог. Энэ бол цаг үргэлж Түүний хүсэл биелэгдэж байдаг эндэхээс тэс өөр тогтоцтой газар юм. Тэнд Бурхан хүмүүсийн нүднээс гарах нулимс бүрийг арчих болно. Тэнд ямар ч гашуудал, уйлаан, үхэл, өвдөлт гэж байхгүй.19 Мөн Бурхан Ариун Сүнсээрээ хүмүүсийн дотор оршиж, тэд дахин хэзээ ч гэм хийхгүй.20

Террорист халдлагууд биднийг хангалттай айлгадаг. Гэвч Есүсийн бидэнд санал болгож буй Бурхантай тогтоох үүрд мөнхийн харилцаанаас татгалзах нь үүнээс ч дор хэрэг юм. Зөвхөн мөнх амьдралын хувьд ч биш, энэ дэлхийд амьдрах үед Бурханыг таньж мэдэхтэй харьцуулах сайхан зүйл гэж үгүй. Тэр бол бидний амьдралын зорилго, тайтгарлын үндэс, будлиж төөрсөн үед мэргэн ухаан, бидний хүч ба найдвар болдог билээ. "ЭЗЭН сайн гэдгийг амсаж үз. Түүний дотор хоргоддог хүн юутай ерөөлтэй вэ!"21

Зарим хүмүүс Бурханыг зүгээр л суга таяг шиг гачигдалтай хүнд л хэрэгтэй нэгэн гэж хэлдэг. Гэвч үнэндээ Тэр л цор ганц найдаж болох нэгэн билээ.

Есүс, "Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Би Өөрийн амар амгалангаа та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөр юмыг Би та нарт өгч байна. Та нар зүрхээ бүү зовоо. Бүү ай"22 гэж хэлсэн. Амьдралынхаа туршид Есүст найдаж түшиглэсэн хүмүүсийг Тэр амьдралаа хадан суурин дээр барьж буйтай ижил хэмээн хэлсэн. Амьдралд нь ямар ч хямрал, сүйрэл нүүрлэсэн Тэр таныг хүчирхэг, бат байлгаж чадна.

Бурхан хаана байна? Тэр таны амьдралд орж ирж чадна

Та яг одоо Есүсийг хүлээн авах боломжтой. "Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрэнд итгэдэг хүмүүст Бурханы хүүхэд болох эрхийг Тэр өгөв."23 Есүс Христээср дамжин бид Бурхан уруу эргэн ирж чадна. "Есүс -Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй"24 гэж Есүс хэлсэн бөгөөд Тэр мөн, "Харагтун, Би үүдэн дээр зогсоод тогшиж байна. Хэрэв хэн нэгэн нь Миний дууг сонсоод хаалгаа нээвэл, Би түүний дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллоно"25 гэсэн юм.

Яг одоо та Бурханыг өөрийн амьдралд урин залбирч болно. Та энэ мөчид, дараахтай төстэй залбирлыг чин сэтгэлээсээ Бурханд хандан хэлж болох юм:

"Бурхан минь, би зүрх сэтгэлдээ Танаас эргэн нүүр буруулсан байж.Харин одоо би үүнийгээ өөрчилмөөр байна. Би Таныг таньж мэдэхийг хүсэж байна. Би Есүс Христийг, Түүний уучлалыг амьдралдаа оруулмаар байна. Би цаашид Танаас тусдаа, алс хол баймааргүй байна. Энэ өдрөөс эхлэн үүрд мөнхөд миний Бурхан байгаач. Баярлалаа Бурхан минь."

Та дөнгөж сая Бурханыг амьдралдаа оруулахаар чин сэтгэлээсээ гуйсан уу? Хэрвээ тийм бол таныг одоо маш их зүйл хүлээж байгаа. Түүнийг таньж мэдсэнээр дамжуулан энэ амьдрал чинь хэзээ ч байгаагүйгээр сэтгэл хангалуун болох болно гэж Бурхан амласан.26 Бурхан хаана байна вэ? Тэр таны зүрх сэтгэлийг Өөрийн гэрээ болгоно гэж амласан. 27 Мөн Тэр танд мөнх амийг өгөх болно.28

Таны эргэн тойрны ертөнцөд юу ч болж байсан хамаагүй Бурхан тэнд тантай хамт байх болно. Хэдий хүмүүс Бурханы замыг дагахгүй ч байсан ч, Бурхан аймшигтай нөхцөл байдлуудыг өөрчилж, юу ч болж байсан Өөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх чадалтай. Энэ дэлхийд болж буй бүхнийг Бурхан бүхэлд нь бүрэн захирдаг. Хэрвээ та Бурханы хүүхэд болсон бол "Бурханыг хайрладаг, Түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүст тохиолддог бүхий л зүйл эцэстээ тэдний сайн сайхны төлөө байдаг гэдгийг бид мэднэ"29 гэсэн амлалтыг санан сэтгэл тайван байж болно.

Есүс Христ "Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Би Өөрийн амар амгалангаа та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөр юмыг Би та нарт өгч байна. Та нар зүрхээ бүү зовоо. Бүү ай."30 гэж хэлсэн. Тэр хэзээ ч биднийг орхихгүй, мөн хэзээ ч сүйрэлд унагаахгүй гэж амласан. 31

Зүүлт: (1) Исаиа 46:9 (2) Дуулал 46:1 (3) Иеремиа 29:13 (4) 2 Коринт 4:8-9 (5) Нахум 1:7 (6) Дуулал 145:18-19 (7) Матай 10:29-31 (8) Эхлэл 1:14 (9) Дуулал 47:8 (10) Иеремиа 32:27 (11) Исаиа 46:11 (12) Иаков 4:6 (13) Исаиа 53:6 (14) Иохан 3:16-17 (15) 1 Иохан 3:16 (16) Ром 6:23 (17) 1 Иохан 5:12 (18) Номлогчийн Үгс  3:11 (19) Илчлэл 21:4 (20) Илчлэл 21:27; 1 Коринт 15:28 (21) Дуулал 34:8 (22) Иохан 14:27 (23) Иохан 1:12 (24) Иохан 14:6 (25) Илчлэл 3:20 (26) Иохан 10:10 (27) Иохан 14:23 (28) 1 Иохан 5:11-13 (29) Ром 8:28 (30) Иохан 14:27, 16:33 (31) Еврей 13:5



Энэхүү нийтлэл нь www.tailal.mn сайтын нийтлэл болно.

Related Topics:
Life Issues

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан. 2021 он