Амьдралын асуудлууд

Тогтворгүй энэ дэлхий дээрх амар амгалан

ub city

 

Ирээдүйд юу ч тохиолдсон, та үүнийг мэдсэнээр амар тайван, итгэлтэй байж болно.

Энэ дэлхийд эсвэл бидний хувийн амьдралд юу ч тохиолдож байсан тогтвортой тайван байж чадах газар хаа нэгтээ байдаг болов уу? Бид амьдралынхаа, болон дэлхийн нөхцөл байдлаас үл хамааран ирээдүйдээ найдаж болох уу? Өнөө үед олон хүмүүс амар тайван амьдрахад Бурханы оролцоо ямар чухал болохыг ойлгодог болжээ. Биднийг хүрээлэн буй дэлхий ертөнц үргэлж өөрчлөгддөг боловч Бурхан хэзээ ч өөрчлөгддөггүй. Тэр тогтвортой, найдвартай. Тэр хэлэхдээ, "Надаас өөр Бурхан байна уу? Өөр хад байхгүй, Би мэдэхгүй. ЭЗЭН, би өөрчлөгдөшгүй."1 Бурхан ямагт бидэнтэй хамт байдаг. Түүнд найдаж болно. Тэр бол "өчигдөр ч, өнөөдөр ч бас мөнхөд хэвээрээ."2 Мөн Бурхан Өөрийгөө таниулж, бидний оюун бодолд амар тайвныг өгч, зүрх сэтгэлийг маань амрааж, аюулгүй болгодог.

Амар амгалан амьдрах боломжтой гэж үү?

Стэнфордын Их сургуулийг төгссөн Хэйдэр үүнийг ингэж тайлбарласан байна: "Бурхантай жинхэнэ амьд харилцаатай байна гэдэг нь өдөр тутам амсаж үзэх гайхмаар, үзэсгэлэнтэй бодит туршлага юм. Энэ дэлхийг бүтнээр нь өгсөн ч солихооргүй онцгой харилцаа Бурхан бид хоёрын дунд бий.  Тэр намайг маш сайн мэддэг бөгөөд гүн гүнзгийгээр хайрладаг тул би зөвхөн Түүний энэ их хайранд зохистой хариу үйлдэл хийх юмсан л гэж хүсдэг."

Гемофилын өвчтэй Стив Соиер, түүнд цус сэлбэх үед алдаа гарснаас болж ДОХ өвчний халдвар авснаа мэдээд түшиж, найдах зүйлсийг эрэлхийлсэн аж. Эхлээд Стив сэтгэлээр маш их унажээ. Тэр Бурханыг буруутгаж байв. Харин дараа нь тэр Бурхан уруу ойртон очсон байна. Тэгээд амьдралынхаа сүүлийн жилүүдэд Стив үе тэнгийн оюутнууддаа Бурханыг хэрхэн таньж мэдэх, Түүнийг таньж мэдсэнээр амар тайвныг хэрхэн олж авах талаар хэлэхийн тулд маш олон их дээд сургуулиудаар аялжээ (асар их өвчнийг тэсвэрлэнгээ). Бурхан ингэж хэлсэн, " Амар амгалангаа Би та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөрийг Би та нарт өгч байна. Өр зүрхээ бүү шаналга. Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан."3

Стивтэй адил бусад хүмүүс ч бас энэ амьдралд юу ч тохиолдсон тэр нь “ертөнцийн төгсгөл биш” гэдгийг ойлгож авсан. Учир нь ертөнцийн төгсгөл нь өөрөө бүхний төгсгөл биш аж.

Нуувчны Бурхан

Үнэнийг хэлэхэд олон хүмүүс цаг үе үнэхээр ноцтой болохоос нааш Бурхан уруу эргэдэггүй. Дэлхийн 2-р дайны үед цэргүүдийг халамжилж байсан нэгэн пастор ийн хэлсэн байна, "нуувчид бурхангүй үзэлтэн байдаггүй." Амьдрал сайхан цэцэглэж байх үед хүмүүс тэдэнд Бурхан хэрэггүй мэт санадаг. Гэхдээ аливаа зүйлс буруугаар эргэж эхлэх үед, бид нуувч дотор байна гэдгээ ухаарах үед нь ихэвчлэн энэ бодол өөрчлөгддөг.  

Карен Бурхан уруу ирсэн замынхаа талаар: "Би өөрийгөө Христэд итгэгч гэж бодож байсан. Би Ням гараг бүр сүмд очдог байсан ч Бурхан гэж хэн болох талаар ямар ч ойлголтгүй байсан. Ахлах сургуулиа төгсөх жил өмнөх гурван жилээс нэг их ялгаагүй өнгөрсөн. Би ихэнх цагаа согтуу, мансуурсан эсвэл намайг хайрлах хэн нэгнийг ямар нэг аргаар олох гэж оролдсоор өнгөрөөсөн. Би дотроо үхэж байсан бөгөөд амьдрал маань хяналтаас гарсан байв. Би амьдралаа эцэс болгохыг маш их хүсэж байгаагаа ухаарах үедээ коллежид сурахаар очоод ямар нэг найдвар олж авах хэрэгтэй гэдгээ ойлгосон юм. Тэр үед би Бурханыг амьдралдаа орж ирэхийг хүссэн. Тэр надад хайр, хамгаалалт, уучлал, тусламж, тайтгарал, хүлээн зөвшөөрөл хийгээд амьдрах зорилгыг өгсөн юм. Тэр миний хүч бөгөөд хэрвээ энэ бүхэн Түүний төлөө биш байсан бол би өнөөдөр энд ингээд байж байхгүй байсан."

Ирээдүйд юу болохыг хэн мэдэх билээ? Олон хүмүүс өөрийгөө яг л нуувчид байгаа мэт мэдэрч магадгүй. Амьдрал нь тулааны талбар болж хувирч ч болох юм. Бидний амар тайван байдал асар ихээр дайвалзаж ч магад. Асуудал халуун цэг дээр ирэх тэдгээр мөчүүддээ бид Бурхан уруу ирдэг. Гэхдээ энэ нь хэвийн үзэгдэл юм. Учир нь Бурхан бол  цорын ганц хувиршгүй Нэгэн бөгөөд тэр бидний амьдралд оролцохыг хүсдэг. Тэр хэлэхдээ, " Би зөвхөн Би ЭЗЭН, надаас өөр аврагч үгүй. Би Бурхан, Надаас өөр Бурхан байхгүй тул Дэлхийн бүх хязгаараа, Над уруу эргэж аврагдагтун."4

Тиймээ, Бурхан яг “суга таяг” мэт гачигдалтай нэгэнд л хэрэгтэй гэж санагдаж болох юм. Гэхдээ Тэр бол цорын ганц жинхэнэ түшиг тулгуур мөн билээ.  

Үл үзэгдэх нуувчууд

Зарим хүмүүс харин амьдрал сайн сайхан байхад ч Бурхан уруу ирэх үе бий. Жон: "Төгсөх ангид байхдаа л би хүмүүсийн хүрэхийг, авахыг хүсдэг бүхнийг өөрийн болгосон байлаа. Оюутны байгууллагад тэргүүлэх үүрэг гүйцэтгэж, үдэшлэгт явж, онц сурч, таалагдсан охидтойгоо болздог байсан. Коллежид ороод ч бас хийхийг, биелүүлэхийг хүссэн бүхнээ хийсэн ч миний сэтгэл хоосон, сэтгэл дундуур хэвээр байлаа. Ямар нэг зүйл дутагдсан хэвээр байсан бөгөөд надад үнэндээ өөр очих газар үлдээгүй. Мэдээж амьдралын талаарх миний энэ мэдрэмжийг хэн ч мэдээгүй. Би үүнийг гаднаа харуулдаггүй байсан."

Бүх зүйл зөв сайн болж байгаа мэт үед ч амьдралд нуувч байсаар байдаг. Энэ нь дотоод зүрх сэтгэлд орших бөгөөд нүдэнд харагдахгүй ч зүрхэнд мэдрэгддэг нуувч юм. Ийм зүйлийн талаар Бэки ингэж өгүүлжээ: "Та хэдэн удаа, тэр хувцсыг л авчихвал, тийм найз залуутай болчихвол эсвэл хаа нэг газар уруу аялбал амьдрал чинь сайхан, бүрэн дүүрэн болно гэж бодож байсан бэ? Бас, хэдэн удаа та тэр цамцыг авч, тэр залуутайгаа үерхэж,  эсвэл тэр газар уруугаа аялсан ч сэтгэл чинь өмнөхөөсөө ч илүү хоосон болж үлдэж байсан бэ?"

Бид нуувчуудыг мэдрэхийн тулд заавал бүтэлгүйтэж, зовлон гуниг туулах албагүй. Ихэнх тохиолдолд амар тайван байдал дутмаг байгаа нь бидний амьдралд Бурхан байхгүйгээс үүддэг. Бэки Бурханыг таньж мэдэх талаар, "Тэр үеэс хойш амьдралд маань маш олон зөрчилтэй асуудлууд, өөрчлөлтүүд гарсан боловч би бүх зүйлийг надад хайртай, мөнхийн Бурхан миний талд байгаа гэдэг шинэ үзэл бодлоор хийдэг болсон.  Бурхан бид хоёр хамтдаа байвал шийдвэрлэж чадахгүй ямар ч асуудал байхгүй гэдэгт би итгэдэг бөгөөд эцсийн эцэст би өнөөх хичээнгүйлэн хайж байсан бүрэн дүүрэн байдлаа олж авч чадсан." хэмээн өгүүлсэн юм.

Бурханыг амьдралдаа оролцуулснаар бид төвөггүйхэн амарч чадна. Бид Бурханыг таньж мэдэн, Библид юу хэлснийг нь сонсох үед Түүнийг таньж мэдсэнээр ирдэг тэрхүү амар тайвныг Бурхан бидний амьдралд авчирдаг. Бид Түүний илүү давуу байр сууринаас амьдралыг харж, Түүний итгэмжит байдал ба биднийг гэсэн хайр халамжийг нь ойлгодог. Тиймээс ирээдүйд юу ч болсон бай бид Бурханыг өөрсдийн тулах цэгээ болгон найдаж болно. Бид хэрвээ Түүн уруу эргэж, Түүнийг эрэн хайвал Тэр Өөрийн хэн болохыг бидний амьдралд батлан харуулахаар хүлээж байдаг.

Жинхэнэ амар тайван – Хадан суурин дээр барих

Та амьдралаа ямар нэг зүйл дээр суурилуулан барьж байна уу? Үүнд итгэх эсэхээс үл хамааран хүн бүр амьдралаа ямар нэг зүйл дээр суурилуулан босгож байдаг. Хүн бүрд итгэл ба найдвараа тавьж буй ямар нэг суурь бий. Магадгүй тэр нь бид өөрсдөө ч байж болох юм. "Хангалттай сайн хичээж чадвал амжилттай амьдарч чадна гэдгээ би мэдэж байна." Эсвэл амьдралын хэв маяг байх: "Хэрвээ би хангалттай мөнгөтэй болчихвол амьдрал үнэхээр гайхалтай болох байх." Эсвэл бүр цаг хугацаа ч байж магад:  "Ирээдүй бүх зүйлийг өөрчлөх болно."

Бурхан харин үүнийг өөрөөр хардаг. Итгэл ба найдвараа өөрсдөдөө, бусад хүмүүст эсвэл энэ дэлхийн санал болгож буй ямар нэг зүйлд тавих нь найдваргүй, нурж унах суурь юм гэж Тэр хэлсэн. Харин Тэр биднийг Өөрт нь итгээсэй гэж хүсдэг. Тэр хэлэхдээ "Тиймд эдгээр үгсийг минь сонсоод үүний дагуу үйлдэгч бүр хадан дээр байшингаа барьсан ухаалаг эртэй зүйрлэгдэнэ. Бороо асгаж, үер буун, салхи салхилж, байшинг нүдсэн боловч нурсангүй. Учир нь байшин хадан дээр суурилагдсан байв. Эдгээр үгсийг минь сонсоод, үүний дагуу эс үйлддэг нь элсэн дээр байшингаа барьсан мунхаг эртэй зүйрлэгдэнэ. Бороо асгаж, үер буун салхи салхилж, байшинг нүдсэнд тэр нь нурав."5

Гамшигт зовлон ирэх үед Бурханыг амьдралдаа оролцуулах нь ухаалаг хэрэг мөн. Гэвч Бурханы бидэнд хандсан зорилго бол бид амьдралын нөхцөл байдал ямар байгаагаас үл хамааран сэтгэл хангалуун, бялхсан амьтай байх явдал юм. Тэр бидний амьдралын талбар бүрд эерэгээр нөлөө авчрахыг хүсдэг. Бид Түүнд болон Түүний үгэнд түшиглэнэ гэдэг нь Хадан суурин дээр байшингаа барьж буй хэрэг юм.

Туйлын амар тайван

Зарим хүмүүс саятны хүүхэд болчихвол эсвэл сайн дүн амархан авчхаж дөнгөнө гэдгээ мэдрэх үедээ л аюулгүй тайван  байдлыг мэдэрдэг. Гэхдээ Бурхантай харилцаатай байснаар үүнээс хавьгүй илүү агуу амар тайван, хамгаалалтыг бид мэдэрч чадна.

Бурхан бол хүчирхэг. Бурхан биднээс ялгаатай. Тэр маргааш, ирэх долоо хоногт, дараа жил, дараагийн арван жилд юу болохыг мэддэг. Тэр хэлэхдээ, "Учир нь Би Бурхан,өөр байхгүй. Би эхлэлээс авахуулан төгсгөлийг, хийгдээгүй байгааг ч өнө эртнээс мэдүүлсэн."6 Ирээдүйд юу болохыг тэр мэддэг. Түүнээс ч илүү чухал нь Тэр таны амьдралд юу тохиолдохыг мэддэг бөгөөд хэрвээ та Түүнийг амьдралдаа оруулахаар шийдсэн бол ирээдүйд болох бүхнийг туулах үед чинь Тэр тантай хамт байна. Тэр бидэнд Өөрийн талаар ийнхүү хэлсэн: "Бурхан, бидний хоргодох газар ба хүч, Зовлон шаналан дунд үнэхээр олддог тусламж."7 Гэхдээ бид Түүнийг чин сэтгэлээсээ чармайн, эрж хайх хэрэгтэй. Тэр ингэж хэлсэн, "Та нар намайг хайх бөгөөд бүхий л зүрхээрээ Намайг хайвал олно."8

Гэвч энэ нь Бурханыг мэддэг хүмүүс хэцүү бэрхшээлтэй учрахгүй гэсэн үг биш. Тэд учрах болно. Хэрвээ манай улс уруу террористууд халдвал, эдийн засгийн эсвэл байгаль орчны гамшиг ирвэл, Бурханыг мэддэг хүмүүс ч тэр зовлонг хамтдаа амсах болно. Гэхдээ тэдэнд Бурханы оршихуйгаас ирдэг амар тайван хийгээд хүч чадал байх болно. Есүс Христийн нэгэн дагалдагч ингэж хэлсэн байдаг: "Бид бүх талаар дарамтлагдавч няцардаггүй, сандардаг ч цөхөрдөггүй, хавчигддаг ч хаягддаггүй, цохигддог ч мөхдөггүй."9 Бодит амьдрал биднийг асуудалтай нүүр тулах болно гэдгийг баталдаг. Хэдий тийм боловч тэдгээр асуудлуудыг бид Бурхантай хамт туулах учраас тэдгээрийг өөр өнцгөөс харж, өөрсдөөс минь гараагүй тэнгэрлэг хүчээр даван туулж чадна. Ямар ч асуудал Бурханы хувьд дааж давшгүй их биш юм. Тэр бидэнд тулгарч болох бүх асуудлуудаас илүү том бөгөөд тэдгээр асуудлуудыг шийдвэрлэх үед маань Тэр биднийг ганцаар нь орхиогүй.  

Бурхан халамжилдаг.  Бидний амьдралд илчлэгддэг Бурханы агуу хүч чадлыг Түүний гүн гүнзгий хайр дагалддаг.  Магадгүй ирээдүйд энэ дэлхий дээр өмнө нь хэзээ ч байгаагүй их амар амгалан болж, эсвэл илүү их үндэстэн хоорондын хагарал, хүчирхийлэл, гэр бүл салалт гэх мэт асуудлууд  бий болж ч магад. Аль нь ч болсон бай хэн ч биднийг Бурхантай адил гүн хайраар хайрлахгүй. Хэн ч бидэнд Бурхан бидэнд санаа тавьдаг шиг их хэмжээгээр санаа тавихгүй. Түүний үгэнд хэлэхдээ, "Эзэн бол сайн. Зовлон шаналангийн өдөр Тэрээр бат бэхлэлт болдог. Өөрт нь хоргоддог хүмүүсийг Тэрээр хамгаалдаг."10 "Тэр та нарт санаа тавьдаг учраас бүх зовнилоо Түүнд хая."11 гэсэн. Мөн, "ЭЗЭН бүх замдаа зөвт бөгөөд Өөрийнхөө бүх үйлсэд энэрэнгүй. ЭЗЭН Өөрийг нь дуудагч бүхэнд, Өөрийг нь үнэнээр дуудагч бүхэнд ойр билээ. Тэрээр Өөрөөс нь эмээгчдийн хүслийг биелүүлдэг. Тэдний хашхирахыг нь бас сонсдог, тэднийг авардаг."12

Есүс Христ дагалдагч нараа дараах үгсээр тайтгаруулж байв: "Хоёр бор шувууг задгай зоосоор худалддаг бус уу? Эцэгийн чинь зөвшөөрөлгүйгээр тэдний нэг нь ч газарт унахгүй. Та нарын толгой дээрх ширхэг үс чинь хүртэл тоологдсон. Тиймээс бүү ай! Та нар олон бор шувуунаас ч эрхэм үнэтэй."13 Хэрвээ та Бурхан уруу эргэвэл Тэр таныг өөр хэний ч чадахгүй арга замаар, өөр хэнээс ч илүү санаа тавин халамжлах болно.

Бурханы өгдөг амар амгалан

Ирээдүйд юу болохыг бид огт мэдэхгүй. Хэрвээ хүнд хэцүү өдрүүд ирэх аваас Бурхан тэнд бидэнтэй хамт байх болно. Амар хялбар өдрүүд ирсэн ч бидний дотор буй хоосон орон зайг дүүргэж, амьдрах утга учрыг өгөхийн тулд Бурхан бидэнд хэрэгтэй хэвээрээ л байх болно.

Бүх зүйлсийг хэлж, хийсний эцэст юу хамгийн чухал байх бол? Жинхэнэ чухал зүйл бол бид Бурханаас тусгаарлагдаагүй байх явдал юм. Бид Бурханыг мэдэх үү? Тэр биднийг мэдэх үү? Бид Түүнийг амьдралаасаа аваад хаячихсан уу? Эсвэл бид Түүнийг орхичихсон уу? Түүнийг таньж мэдэх үед Тэр бидний аливааг харах өнцгийг өөрчилдөг бөгөөд бидэнд итгэл найдвар өгдөг. Түүнтэй харилцах харилцааныхаа тусламжтайгаар бид бүхий л нөхцөл байдал дунд амар тайван байж чадна.

Яагаад Бурхан бидний амьдралын төвд байх ёстой вэ? Учир нь Түүнийг мэдэлгүйгээр ирэх жинхэнэ амар амгалан, итгэл найдвар гэж үгүй. Тэр биднээс хамааралтай оршдоггүй. Харин бид Түүнээс хамаарч, түшиглэх ёстой. Амьдралд минь Түүний оршихуй заавал байх хэрэгцээтэйгээр Тэр биднийг бүтээсэн. Бид Түүнгүйгээр амьдралаа болгохоор оролдож болох ч энэ нь утгагүй хоосон байх болно.

Биднийг Өөрийг нь эрж хайгаасай гэж Бурхан биднээс хүсдэг. Түүнийг таньж мэдэн, Түүнийг амьдралдаа оролцуулаасай хэмээн Тэр биднээс хүсдэг. Гэхдээ асуудал нь, бид бүгдээрээ Түүнийг амьдралынхаа гадна гаргачихсан. Үүнийг Библид ингэж хэлсэн байна: "Бүгдээрээ бид хонь мэт төөрч, Бүгд л өөр өөрийн замаар явав."14 Бид бүгдээрээ л амьдралаа Бурхангүйгээр болгох гэж хичээж ирсэн. Үүнийг Библид “гэм” гэж хэлдэг.

Дээр дурдсан Хэйдэр гэмийн талаар ийнхүү өгүүлсэн байна: "Би Стэнфордын их сургуульд орох үедээ Христэд итгэдэггүй байсан. Тэр үед миний хөл доорхи дэлхий эрс шинэчлэгдэхээр хүлээж байсан юм.  Би улс төрийн уулзалтуудад оролцож, арьс өнгөөр ялгаварлах үзэл ба нийгмийн шударга ёсны талаар хичээлүүдэд сууж, орон нутгийн иргэдийн танхимаас салахаа байсан үе байв. Энэ дэлхийд нөлөөлөх өөрчлөлтийг авчирах хүч надад байгаа гэдэгт би итгэж байсан.  Би нийгмээс гадуурхагдсан бага сургуулийн хүүхдүүдэд хичээл зааж, орон гэргүйчүүдэд зориулсан байранд өдрийн сургалт явуулж, хүмүүсийн үлдээсэн хоолыг цуглуулж өлсгөлөн хүмүүст өгдөг байсан. Гэвч, би дэлхийг өөрчлөх гэж хичээх тусам тэр хэрээрээ сэтгэлээр унаж, бухимдаж байв. Би хүнд суртал, үл тоомсорлол, .... гэмтэй нүүр тулж байсан. Магадгүй хүний мөн чанар үндсээрээ капитал засварт орох хэрэгтэй байх гэж би бодох болсон."

Амар амгалан сэтгэл = Бурхантай хамт байх амар тайван

Өөрчлөгдөж буй цаг үе, сайжирч буй технологийн дэвшил зэрэг зүйлс үнэндээ үүний хажууд тийм ч чухал биш.  Яагаад? Учир нь хүмүүс бидний үндсэн асуудал бол бид өөрсдийгөө Бурханаас тусгаарлан холдсонд оршино. Бидний хамгийн том асуудал бол бие махбодийн асуудал биш харин сүнсний асуудал юм. Бурхан үүнийг мэддэг учраас Түүнээс тусгаарлагдсан энэ асуудлыг шийдвэрлэх арга замыг бидэнд өгсөн. Есүс Христээр дамжуулан эргээд Түүнийг олж очих замыг Тэр тавьсан юм.

Библид хэлэхдээ, "Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно."15 Есүс Христ бидний гэмийн төлөө, бидний өмнөөс загалмай дээр цовдлогдсон (хүн цаазалдаг эртний арга). Тэр нас барж, оршуулагдаад дараа нь үхлээс амилсан. Тэр амиа золиос болгон өгсөн учраас бид Бурхантай харилцахаар эргэн ирэх боломжтой болсон. "Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрэнд итгэгчдэд Тэрээр Бурханы хүүхэд болох эрхийг өглөө"16

Энэ нь үнэндээ маш энгийн хялбархан: Бурхан бидэнтэй төгс харилцаатай байхыг хүсдэг. Тиймээс тэр  Есүс Христээр дамжуулан энэ харилцааг боломжтой болгожээ. Тэгэхлээр Бурханыг эрж хайх эсэх нь, Түүнийг амьдралдаа урьж оруулах эсэх нь биднээс өөрсдөөс минь хамаарах хэрэг юм. Ихэнхи хүмүүс үүнийг залбирал хэлбэрээр хийдэг. Залбирна гэдэг нь Бурхантай илэн далангүй ярина гэсэн үг юм. Яг одоо та дараахтай төстэй залбирлыг чин сэтгэлээсээ хэлснээр Бурхан уруу ирэх боломжтой: "Бурхан минь, Би Таныг таньж мэдэхийг хүсэж байна. Өнөөг хүртэл би Таныг амьдралдаа оруулдаггүй байсан боловч одоо үүнийг өөрчилмөөр байна. Тангүйгээр амьдарч байсан надад зориулсан Таны шийдвэрлэх арга замын ашиг тусыг нь би амсмаар байна. Миний өмнөөс нас барсан Есүст, Тэр намайг уучилсан гэдэгт, мөн Таны өмнө зөвтгөгдсөн гэдэгтээ би итгэж байна. Өнөөдрөөс эхлээд үүрд мөнхөд Таныг миний амьдралд оролцоосой гэж би хүсч байна."

Та Бурханыг чин сэтгэлээсээ амьдралдаа урьж оруулсан уу? Үүнийг зөвхөн Бурхан та хоёр л баттай мэднэ. Хэрвээ та баттай байгаа бол таныг одоо маш их зүйл хүлээж байна. Бурхантай харилцах харилцаагаар чинь дамжуулан Тэр таны одоогийн амьдралыг гайхамшигтай сэтгэл хангалуун болгоно гэж амласан. 17 Тэр таныг өөрийн сүмээ болгоно гэсэн.18 Мөн Тэр танд мөнх амийг өгөх болно.19

Мэлисса Бурханы талаар ингэж хэлжээ: "Намайг бүр жаахан байхад ээж маань ааваас салсан. Чухам юу болоод байгааг би сайн ойлгоогүй. Зөвхөн аав маань дахиж гэртээ ирэхгүй гэдгийг л би мэдэж байсан. Нэг өдөр би эмээгийндээ очоод аав минь яагаад намайг гомдоож, ирэхээ больсныг ойлгохгүй байна гэж хэлтэл, эмээ минь намайг тэврээд “Чамайг хэзээ ч орхиж явахгүй нэгэн бий. Тэр бол Есүс.” гэж хэлж билээ. Тэр үед надад Еврей 13:5, Дуулал 68:5-г эш татан “Би чамайг хэзээ ч орхихгүй, хэзээ ч хаяхгүй”, 'Тэр эцэггүй нэгний Эцэг болно.' гэж хэлсэн. Бурхан миний Аав болохыг хүсэж байна гэдгийг сонсоод би маш их баярлаж билээ."

Энэ дэлхий дээр таны эргэн тойронд юу ч болж байсан Бурхан таны төлөө тантай хамт байгаа учир та оюун бодолдоо амар тайван байж болно. Ирээдүйд танд юу ч тохиолдох байсан Бурхан таны түшиг тулгуур, тулах цэг байх болно.

 

Зүүлт: (1) Исаиа 44:8, Малахи 3:6 (2) Еврей 13:8 (3) Иохан 14:27, 16:33 (4) Исаиа 43:11, Исаиа 45:22 (5) Матай 7:24-27 (6) Исаиа 46:9-10 (7) Дуулал 46:1 (8) Иеремиа 29:13 (9) 2 Коринт 4:8-9 (10) Нахум 1:7 (11) 1 Петр 5:7 (12) Дуулал 145:17-19 (13) Матай 10:29-31 (14) Исаиа 53:6a (15) Иохан 3:16 (16) Иохан 1:12 (17) Иохан 10:10 (18) Иохан 14:23 (19) 1 Иохан 5:11-13

 

Энэхүү нийтлэл нь www.tailal.mn сайтын нийтлэл болно. 

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан. 2019 он