Бидний итгэлийн гол үндэс нь Шинэ ба Хуучин Гэрээний 66 номноос бүрдэх Ертөнцийн Эзэний бичсэн няцаагдашгүй Үг Библи дээр суурлигдсан. Ариун Сүнс Үгээ хэлэн Библийг бүхлээр нь онгодоороо бичүүлсэн ба Библи бол ийнхүү бичигдсэн цорын ганц ном юм. Түүний эх бичээс нь ямар ч алдаагүй байсан гэдэгт бид итгэдэг. Түүнд өгүүлэгдэж байгаа бүх зүйл нь үнэн, хөдлөшгүй, баттай юм.
Түүхийн туршид бүх жинхэнэ Христэд итгэгчдийн санаа нийлэн зөвшөөрсөн Библийн сургаалын гол ойлголтыг бид хүлээн зөвшөөрдөг. Манай хөдөлгөөний Ертөнцийн Эзэнээс авсан дуудлагын онцлогоос хамаарч бид Библитэй холбоотой бусад ойлголт, сургаал тайлбарууд нь зөвхөн Библи дээр үндэслэгдсэн бол чөлөөтэй оршин байж болно гэж үздэг бөгөөд эдгээр нь Ертөнцийн Эзэний дуудлагыг биелүүлэхэд саад тотгор учруулах асуудал болох ёсгүй юм.
1. Гурван биеэр оршигч, тэнгэрлэг мөн чанарыг эзэмшсэн Эцэг, Хүү, Ариун Сүнс Гурвалд мөнх орших цорын ганц жинхэнэ Ертөнцийн Эзэн байдаг.
2. Есүс Христ бол Ертөнцийн Эзэн, амьд Үг юм. Тэрбээр Ариун Сүнсний ер бусын хүч чадлаар онгон бүсгүйгээс хүн болон төрсөн. Тэр бол үүрд мөнх жинхэнэ Ертөнцийн Эзэн, жинхэнэ хүн юм.
3. Тэрбээр ямар ч гэмгүй амьдралаар амьдарч сайн дураараа хүмүүсийн гэмийг цагаатгахын тулд тэдний оронд загалмай дээр нас барсан. Ийнхүү Тэр шударга ёсыг гүйцэлдүүлсэн бөгөөд зөвхөн Өөрт нь итгэсэн хүн бүхэнд авралыг олгодог.
4. Тэр үхлээс дахин амилсан бөгөөд тийнхүү дахин амилахад Түүний бие алдаршсан.
5. Есүс Христ биеэрээ тэнгэр рүү өргөгдсөн ба Ертөнцийн Эзэн Эцэгийн баруун гарт заларсан бөгөөд Ертөнцийн Эзэн болон хүн хоёрын хоорондын цорын ганц Зууч тэрээр тэнд Өөрийн хүмүүсийн төлөө зуучлан залбирдаг.
6. Хүн анхнаасаа Ертөнцийн Эзэний дүр төрхөөр бүтээгдсэн байсан. Тэр Ертөнцийн Эзэний Үгийг зөрчиж, гэм хийсэн тул Бүтээгчээсээ салсан. Хүний анхны энэ гэмээс болж бүх хүн төрөлхтөнг Ертөнцийн Эзэн ялласан.
7. Хүн гэмт мөн чанартай болсон учраас Ертөнцийн Эзэнд таашаагдаж чаддаггүй. Хүн бүрт Ариун Сүнсний сэргэлт, шинэчлэл хэрэгтэй.
8. Хүний аврал дан ганц Ертөнцийн Эзэний үйл бөгөөд Түүний бидэнд өгсөн үнэгүй ивээлээс үүдэлтэй. Үүнд хүний бага ч болов ажил үйлс, хүчин чармайлт ордоггүй. Хүн сайн үйл бүтээх, буян хийх, шашны ёслол зэргийг дагаснаар өөрийгөө аварч чадахгүй. Зөвхөн Христийг өөрийн Аврагч хэмээн Түүнд итгэсэн хүмүүст Ертөнцийн Эзэн Өөрийн үнэн шударга, зөв байдлыг бий болгож тэднийг зөвтгөдөг.
9. Сүнсээр дахин төрсөн бүх хүмүүс Христийг Аврагчаа гэж итгэсэн тэр мөчөөс эхлэн аврагдсан болохоо баттай мэддэг. Энэ бат итгэл нь хүний чадал чадвараас хамаарахгүй, харин Ариун Сүнсний гэрчлэлээс урган гардаг. Ариун Сүнс итгэгч хүний амьдралд Ертөнцийн Эзэний бичсэн гэрчлэл нь үнэн бат болохыг батлан харуулдаг.
10. Ариун Сүнс дэлхий дээр Христийг илчлэн алдаршуулж, Түүний авралын ажлыг хүмүүсийн амьдралд бодитой болгох гэж ирсэн. Тэр хүмүүст гэмт байдлыг нь ойлгуулан Христэд итгүүлж, шинэ амийг өгөн, сүнсээр төрсөн үеэс нь эхлэн тэдэн дотор байнга оршиж, цагаатгуулах өдөр хүртэл тэднийг батлан “тамгалдаг”. Христэд итгэгч итгэлээрээ Ариун Сүнсээр дүүрэн байж, Түүнээс хүч чадлыг аван амьдралаа удирдуулдаг.
11. Христэд итгэгч бүр өөрт нь орших Ариун Сүнсний хүчээр амьдрах гэж дуудагдсан. Ийнхүү тэд өөрсдийн махан биеийн хүслийг гүйцэлдүүлэх биш, харин Ертөнцийн Эзэнийг алдаршуулах үр жимсийг гарган амьдардаг.
12. Есүс Христ бол Өөрийн бие болох Сүмийн Тэргүүн юм. Түүний бие буюу сүм нь Христтэй итгэлээрээ нэгдсэн бүх амьд болон мөн нас барсан хүмүүсээс бүрддэг.
13. Ертөнцийн Эзэн өөрийнхөө хүмүүсийг тогтмол цуглаж, Түүнийг нь магтан хүндэтгэж, ёслолд оролцож, Түүний Үгнээс суралцаж, бие биенээ урамшуулан зоригжуулж, засан залруулж бай гэж сургадаг.
14. Итгэгч хүн энэ дэлхийд амьдарч байгаад нас барсны дараа шууд Их Эзэн дээр очин Түүнтэй үүрд мөнхөд хамт үлддэг. Түүний оюун ухаан саруул байх бөгөөд тэрбээр бие нь үүрдийн алдар, ивээлээр дүүрэн болж дахин сэргэх мөчийг хүлээж байдаг.
15. Итгэдэггүй хүн нас барсныхаа дараа үүрд мөнхөд Их Эзэнээс тусгаарлагдан, бие нь дахин амилж мөнхийн шийтгэл, ялыг хүлээн авах мөчийг хүлээдэг. Түүний оюун ухаан саруул байдаг.
16. Есүс Христ дэлхий дээр биеэрээ дахин ирнэ. Тэгэхэд Түүнийг бүх хүн харж чадна. Дахин ирэлтээр Тэр хүн төрөлхтний түүх, Ертөнцийн Эзэний мөнхийн төлөвлөгөөг гүйцээнэ.
17. Эзэн Есүс бүх итгэгч нарт Авралын зарыг дэлхий даяар тунхаглаж, ундэстэн бүрийн хүмүүсийг дагалдагч болго гэж тушаасан. Агуу Захирамжийг гүйцэлдүүлэхийн тулд дэлхийн болон хувийн бүх хүсэл зорилгоо “Биднийг хайрлан, Өөрийгөө бидний төлөө өгсөн” Их Эзэн Есүс Христэд бүрэн дүүрэн зориулсан байх ёстой.
Зохиогчийн эрхээр хамгаалагдсан. 2021 он