Сургалт, Өсөлт

Ариун Сүнсээр дүүрэн амьдрал

Др. Билл Брайт

Ариун Сүнсээр амьдралаа цаг мөч бүрт, байнга удирдуулсан Христэд итгэгчийн хувьд өдөр бүр сэтгэл хөдөлгөм үйл явдлаар дүүрэн байдаг. 



1. Христэд үл итгэгч (Өөрөө удирдсан амьдрал)

(Христийг зүрх сэтгэлдээ хүлээн аваагүй, амьдралаа өөрөө удирддаг хүн)

Хаан суудалд өөрийгөө залсан. Христ амьдралын тойргийн гадна байна. Амьдралаа та өөрөө удирдах тул үргэлж зөрчилтэй, эмх цэгцгүй байна. 

“Харин төрөлх хүн Бурханы Сүнсний зүйлсийг хүлээн авдаггүй. Ийм хүнд эдгээр нь мунхаглал бөгөөд сүнслэгээр цэгнэгдэх учиртай эл зүйлсийг тэр мэдэж чаддаггүй.” (1 Коринт 2:14).

2. Сүнслэг итгэгч (Христээр удирдуулсан амьдрал)

(Ариун Сүнсээр удирдуулж, Түүний хүчээр амьдардаг.)

Хаан суудалд Христийг залсан. Амьдралаа Христээр захируулахаар бууж өгсөн. Амьдралыг тань Христ удирдах тул Бурханы төлөвлөгөө ёсоор зохицуулагдана.

“Харин сүнслэг нь бүхнийг шүүдэг байхад, түүнийг хэн ч шүүж цэгнэдэггүй” (1 Коринт 2:15).

3. Сүнслэг бус итгэгч (Өөрөө удирдсан амьдрал)

(Христийг зүрх сэтгэлдээ хүлээн авсан боловч өөрийн хүч чармайлтаар христитгэгч хүн байж амьдарч чадна хэмээн найдаж, хохирч явдаг хүн.)

Хаан суудалд өөрийгөө залсан. Хаан суудалд Христийг залахгүй, Түүгээр амьдралаа удирдуулахгүй. Амьдралаа өөрөө удирдах тул үргэлж зөрчилтэй, эмх цэгцгүй байна.

Ах дүү нар аа, би та нартай сүнслэг хүмүүстэй мэтээр ярьж эс чадлаа. Харин махбодын хүнтэй, Христ доторх балчир хүүхэдтэй ярих мэт ярьсан. Би та нарт бор хоол бус сүүг өгсөн нь тэгэхэд та нар чадваргүй байсных. Одоо ч гэсэн та нар чадваргүй байгаа нь махбодынхоо дагуу байсаар байгаагийнх юм. Та нарын дунд атаархал, маргаан байгаа нь махбодынхоороо буюу хүний жишиг дагуу байгаагийнх биш үү?” (1Коринт 3:1-3)  

БУРХАН БИДЭНД СЭТГЭЛ ХАНГАЛУУН, ҮР ЖИМСТЭЙ АМЬДРАХ БОЛОМЖИЙГ ӨГСӨН. 

“…Би тэднийг амьтай, бялхсан амьтай байлгахын тулд ирсэн билээ.” (Иохан 10:10)

“Би бол усан үзмийн мод, та нар мөчрүүд. Хэн Миний дотор байж, Би мөн түүний дотор байна, тэр их жимс гаргана. Учир нь Надаас анги та нар юу ч хийж чадахгүй.” (Иохан 15:5)

“Харин Сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайн сэтгэл, итгэмж, дөлгөөн зан, өөрийгөө захирахуй нь юм. Эдгээрийн эсрэг хууль гэж байдаггүй.” (Галат 5:22-23)

“Харин Ариун Сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг олж, тэгээд Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай дэлхийн хязгаар хүртэл Миний гэрч болно гэв.” (Үйлс 1:8) 

Сүнслэг итгэгч

Бурханд найддаг сүнслэг итгэгчийн амьдралд гарах өөрчлөлт буюу зан төлөвүүдээс дурдвал:

  • Христ төвтэй амьдрал
  • Ариун Сүнсний хүчээр амьдардаг
  • Христийг бусдад таниулдаг
  • Үр нөлөөтэй залбирдаг
  • Бурханы Үгийг ойлгодог
  • Бурханд дуулгавартай
  • Түүнд бүрэн итгэж найддаг
  • Бусдыг хайрладаг
  • Амар амгалан
  • Баяр баясгалантай
  • Тэвчээртэй
  • Энэрэнгүй
  • Итгэмжтэй
  • Сайхан сэтгэлтэй

Амьдралынхаа турш, бүх талаар Христэд итгэл найдвараа тавьж чадаж буй эсэхээс, мөн Христ доторх төлөвшлөөс тань хамаарч эдгээр зан чанар таны амьдралд илэрнэ. Христийг Та өөрийн амьдралын хаан суудалд залж, Ариун Сүнсээр амьдралаа удирдуулвал Ариун Сүнсний үр жимс таны амьдралд боловсорч эхлэхийг та харах болно (Галат 5:22-23). Христэд итгэгчдийн амьдралд тэрхүү үрийг Эзэн өөрөө ургуулдаг (1Коринт 3:6-7). Христ амьдралыг тань удирдаагүй цагт өсөлт зогсох нь дамжиггүй. Ариун Сүнсний ажлыг дөнгөж ойлгож эхэлж байгаа бол та үүнийг хэдийнэ ойлгож, мэдэрсэн хэн нэгнийг хараад өөрийгөө голж урам хугарах хэрэггүй.

                                                                      Христэд итгэгч олон хүн яагаад сэтгэл хангалуун амьдарч чаддаггүй вэ?

СҮНСЛЭГ БУС ИТГЭГЧ СЭТГЭЛ ХАНГАЛУУН, ҮР БҮТЭЭЛТЭЙ ХРИСТЭД ИТГЭГЧИЙН АМЬДРАЛЫГ АМСАЖ ТУУЛЖ ЧАДДАГГҮЙ.

Тэд өөрсдийн хүчин чармайлтаар христэч амьдралаа босгоно хэмээн найддаг.

  1. Тэд Бурханы хайр, өршөөл, хүч чадлаас хол, салангид амьдардаг (Ром 5:8-10, Еврей 10:1-25, 1Иохан 1, 2:1-3, 2Петр 1:9, Үйлс 1:8);  
  2. Тэдний сүнслэг байдал хэзээд тогтворгүй байдаг; 
  3. Тэд өөрсдийгөө ч ойлгож чаддаггүйгээс зөвийг үйлдэхийг хүсэвч чаддаггүй;
  4. Тэд христэч амьдралдаа Ариун Сүнсний хүч чадалд итгэж найддаггүй (1Коринт 3:1-3, Ром 7:15-24, 8:7, Галат 5:16-18);

Сүнслэг бус итгэгч


Амьдралаа өөрөө удирддаг, Бурханд бүрэн итгэл найдвараа тавьдаггүй хүнд дараах зан байдлуудын зарим нь, эсвэл бүгд илэрдэг:

  • Сүнслэг өвийг ойшоодоггүй
  • Үл итгэл
  • Дуулгаваргүй байх
  • Бурхан болон бусдыг хайрлах чадваргүй
  • Залбирал дутмаг амьдрал
  • Библи судлах хүсэлгүй
  • Хэт зарчимч хандлага
  • Санаа зовнил
  • Сэтгэлээр унадаг
  • Буруутгал
  • Гэмтэй
  • Атаархуу
  • Цэвэр бус бодол
  • Эзэнийг албадлагаар хүндэлдэг
  • Зорилгогүй
  • Шүүмжлэмтгий

(Өөрийгөө Христэд итгэгч гэх боловч нүглээ үргэлжлүүлэн хийсээр байгаа хүн үнэн хэрэгтээ Христэд итгээгүй ч байж болохыг 1Иохан 2:3; 3:6, 9; Ефес 5:5-с уншиж мэдэж болно.)

ЕСҮС ГАГЦХҮҮ АРИУН СҮНСЭЭР ДҮҮРЭН (ХҮЧ ЧАДЛЫГ НЬ АВЧ, ТҮҮГЭЭР УДИРДУУЛДАГ) ХҮНД СЭТГЭЛ ХАНГАЛУУН, ҮР ЖИМСТЭЙ АМЬДРАЛЫГ ӨГӨХӨӨ АМЛАСАН.

Сүнсээр дүүрэн амьдрал болон Христээр удирдуулсан амьдрал гэдэг угтаа нэг зүйл. Учир нь Бурханы Ариун Сүнс болон Христ нэг юм (Иохан 15). 

  1. Иохан 3:1-8-д өгүүлсэн ёсоор Ариун Сүнсний хийсэн ажлын үр дүнд бид Христэд итгэгч болдог. Сүнсээр төрсөн тэр цагаас эхлэн бүх цаг мөчид Ариун Сүнс Христэд итгэгчдийн дотор оршин байдаг (Иохан 1:12, Колоссай 2:9-10, Иохан 14:16-17). Ариун Сүнсийг Христэд итгэгч болсон бүх хүн хүлээн авсан байдаг ч тэд бүгд Сүнсээр дүүрэн (Сүнсээр удирдуулан, Түүний хүчээр амьдардаг) байдаггүй.
  2. Ариун Сүнс бол Христэд итгэгчдийн бялхам амьдралын эх үндэс (Иохан 7:37-39).
  3. Ариун Сүнс Христийг алдаршуулахаар ирсэн (Иохан 16:1-15). Хэрэв хэн нэгэн нь Ариун Сүнсийг хүлээн авсан бол тэр Христийн жинхэнэ дагалдагч болдог.
  4. Есүс тэнгэрт өргөгдөхөөсөө өмнө Агуу захирамжаа үлдээн айлдахдаа Түүний тухай бусдад гэрчлэх хүч чадлыг өгөгч Ариун Сүнсийг бидэнд илгээхээ амласан (Үйлс 1:1-9).

Тэгвэл та Ариун Сүнсээр хэрхэн дүүрэн байх вэ?

ИТГЭЛЭЭР БИД АРИУН СҮНСЭЭР ДҮҮРЭН БАЙЖ (СҮНСЭЭР УДИРДУУЛАН, ТҮҮНИЙ ХҮЧЭЭР АМЬДРАХ) ЧАДНА. ТЭГСЭН ЦАГТ Л ХРИСТИЙН АМЛАСАН СЭТГЭЛ ХАНГАЛУУН, ҮР ЖИМСТЭЙ АМЬДРАЛЫГ АМСАЖ ТУУЛАХ БОЛНО.  

Хэрэв та дараах зүйлсийг хийвэл одоо ч Ариун Сүнсээр дүүрэн болно:

  1. Ариун Сүнсний хүч чадлыг авч, амьдралаа удирдуулахыг чин сэтгэлээсээ хүсэх (Матай 5:6, Иохан 7:37-39)
  2. Гэм нүглээ улайх-Христ таны төлөө үхсэн учраас өнгөрсөн, одоо, ирээдүйн бүх гэмийг тань уучилсан Бурханд итгэлээр талархаарай (Колоссай 2:13-15; 1Иохан 1, 2:1-3; Еврей 10:1-17). 
  3.  Амьдарлынхаа бүх талбарыг Бурханд өг (Ром 12:1-2).
  4. Ариун Сүнсээр таныг дүүргэн, амьдралыг тань удирдахыг итгэлээр хүс.
    • ТҮҮНИЙ ТУШААЛ ЁСООР:  “Дарсанд бүү согтуур. Эс бөгөөс хэт самуурал буй. Харин Сүнсээр дүүр.” (Ефес 5:18)
    • ТҮҮНИЙ АМЛАЛТ ЁСООР:  Бид Түүний хүслийн дагуу юу ч гуйсан, Тэр биднийг сонсдог нь Түүний өмнө бидэнд байгаа итгэл зориг юм. Бид юу ч гуйсан, Тэр биднийг сонсоно гэдгийг бид мэдвэл, бид Түүнээс гуйснаа авсан болохоо мэднэ (1Иохан 5:14-15). 


Залбирлаар та итгэлээ илэрхийлж болно.

СҮНСЭЭР ДҮҮРЭН БАЙХЫН ТУЛД ХЭРХЭН ИТГЭЛЭЭР ЗАЛБИРАН ГУЙХ ВЭ?

Чин сэтгэлийн залбирал бидний итгэлээ илэрхийлэх нэг арга зам болдог. Зөвхөн итгэлээр бид Ариун Сүнсээр дүүргэгдэх болно. Та дараах байдлаар залбиран гуйж болох юм:

“Бурхан минь ээ, Та надад  хэрэгтэй байна. Би өөрийнхөө амьдралыг удирдсан нь Таны эсрэг гэм болохыг ойлгон, хүлээн зөвшөөрч байна. Миний нүглийн төлөөс болгож Христийг загалмайд цовдлуулан, гэмийг минь өршөөсөнд баярлалаа. Та тушаасан ёсоороо, хэрэв итгэлээр гуйвал биелүүлж өгнө хэмээн Өөрийнхөө Үгэнд амласныхаа дагуу Ариун Сүнсээр намайг дүүргээч. Есүс Христийн нэрээр залбирч байна. Амьдралыг минь удирдаж, Ариун Сүнсээрээ дүүргэж байгаад тань талархаж байна.” 

Энэ залбирал таны зүрх сэтгэлийн хүсэлтийг илэрхийлж чадаж байна уу? Хэрэв тийм бол яг одоо та сөгдөн залбирч, Ариун Сүнсээр дүүргэнэ гэдэгт Бурханд найдагтун. 

АРИУН СҮНСЭЭР ДҮҮРСНЭЭ (СҮНСЭЭР УДИРДУУЛАН, ТҮҮНИЙ ХҮЧЭЭР АМЬДРАХ) ТА ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?

Ариун Сүнсээр дүүргээч хэмээн Бурханаас та залбиран гуйсан уу? Одоо та Ариун Сүнсээр дүүрсэн гэдгээ мэдэж байна уу? Юунд үндэслэн та үүнийг мэдэж байна вэ? Бурхан болон Түүний Үг итгэмжтэй (Еврей 11:6, Ром 14:22-23)

Биднийг удирдан чиглүүлэгч нь бидний мэдрэмж бус, Бурханы Үг байх ёстой. Итгэлээр амьдрах христэч амьдрал Бурхан болон Түүний Үгэн дээр суурилдаг. Галт тэрэгний дараах зураглал нь бодит үнэн (Бурхан ба Түүний Үг), итгэл (Бурханд болон Түүний Үгэнд итгэх бидний итгэл), мэдрэмж (бидний итгэл болон дуулгавартай байдлын үр дүн (Иохан 14:21)) гурвын уялдаа холбоог дүрсэлжээ.

Чиргүүлээс үл хамааран зүтгүүр хөдөлдөг. Харин чиргүүлээр зүтгүүрийг хөдөлгөнө гэдэг бүтэшгүй хэрэг. Үүний адилаар Христэд итгэгч бид өөрсдийн мэдрэмж, сэтгэл хөдлөлд захирагдах бус, харин Бурхан Эзэнд найдан, Түүний амлалт бүхий Үгэнд итгэлээ өгөх ёстой. 

ТА ХЭРХЭН СҮНСЭЭР УДИРДУУЛАН АМЬДРАХ ВЭ?

Итгэл (Бурханд болон Түүний амлалтанд итгэх) бол Христэд итгэгч таны Ариун Сүнсээр удирдуулан амьдрах цорын ганц зам юм. Алхам тутамдаа та Христэд итгэснээр:

  1. Сүнсний үр жимсийг өөрийн амьдралд илүү ихээр харуулж (Галат 5:22-23), Христтэй та улам бүр адил болно (Ром 12:2; 2Коринт 3:18);
  2. Таны залбирал болоод Бурханы Үгийг судлах тань улам бүр үр нөлөөтэй болно;
  3. Та Эзэнийг гэрчлэхдээ Ариун Сүнсний хүч чадлыг мэдрэх болно (Үйлс 1:8);
  4.  Энэ ертөнцийн эсрэг (1Иохан 2:15-17), махан биеийн эсрэг (Галат 5:16-17), муу сүнсний эсрэг (1Петр 5:7-9; Ефес 6:10-13) тэмцэлд та бэлтгэгдэх болно;
  5. Уруу татлага болон гэмийг эсэргүүцэх Ариун Сүнсний хүч чадлыг мэдрэх болно (1Коринт 10:13; Филиппой 4:13; Ефес 1:19-23, 6:10; 2Тимот 1:7; Ром 6:1-16);

СҮНСЛЭГ АМЬСГАЛ

Итгэлээр та Бурханы хайр болон өршөөл нигүүлслийг үргэлжлүүлэн амсаж мэдэрсээр байх болно. Та хэдийгээр Бурхантай хамт алхаж, Түүнд үйлчлэх чин хүсэлтэй боловч та өөрийн амьдралд (таны хандлага, үйл хэрэгт) Түүнд үл таалагдах ямар нэгэн зүйл буйг ухаарч байгаа бол таны амьдралын өнгөрсөн, одоо, ирээдүй дэх бүх нүглийг Христийн загалмай дээрх үхлээр дамжин уучилсны төлөө Бурханд талархагтун. Түүний хайр, өршөөлд талархан Түүнтэй үргэлжлүүлэн нөхөрлөгтүн. Хэрэв та Бурханд дуулгаваргүй байж амьдралаа өөрөө жолоодно хэмээн эндүү бодож гэмд автахад хүрвэл сүнсээр амьсгалаарай.

Сүнсээр амьсгалах (амьсгаагаа гаргахдаа бузар мууг гадагшуулж, амьсгалаа авахдаа цэврийг оруулах) гэдэг нь итгэл доторх дасгалжуулалт бөгөөд энэ нь таныг үргэлжлүүлэн Бурханы хайр ба уучлалыг амсаж мэдрэхэд туслах болно. 

  1. Амьсгаа гаргах- гэм нүглээ улайх- 1Иохан 1:9 болон Еврей 10:1-25-д өгүүлсэнчлэн гэмийн талаарх Бурханы ойлголттой санаа нийлж, гэм нүглийг тань уучилсан Түүнд талархах. Гэмшил (хандлага болон үйлдэлд гарах өөрчлөлт) гэдэг нь гэм нүглээсээ эргэхийг хэлнэ.   
  2. Амьсгаа авах- амьдралаа Христээр удирдуулахаар Түүнд өгч, итгэлээр Ариун Сүнсээр дүүрэгтүн. Ефес 5:18 дахь тушаал, 1Иохан 5:14-15 дахь амлалтын дагуу та Түүний хүч чадлаар амьдарч, Ариун Сүнсээр удирдуулна гэдэгтээ найдаарай.

Adapted from Have You Made the Wonderful Discovery of the Spirit-Filled Life? by Dr. Bill Bright, co-founder of Campus Crusade for Christ. © Cru. All rights reserved.

Next Story

Ном

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан. 2021 он